Бүх нийтлэл: Энд дарна уу
Та энд байна: Нүүр хуудас \ Нийтлэл
29 Dec 2020 - 11:30, Улаанбаатар

Дэлхийн түүхэнд гарсан аливаа томоохон үйл явдлын дараа улс орнууд даацтай шилжилт, өөрчлөлтүүдийг хийж байдаг билээ. Олныг хамарсан, танин мэдээгүй эсвэл танин мэдсэн хэдий ч цар хэмжээг бүрэн ойлгоогүй байсан үйл явдал болох үед нийгэм, эдийн засгийн салбарууд томоохон арга хэмжээнүүдийг ердийн үеэс илүү хурдтай авч хэрэгжүүлэх шаардлагатай тулгардаг. Жишээлбэл, өдгөө Монгол улсад хийгдэж буй даатгалын гэрээнүүдийн нөхөн төлбөр олгохгүй заалтуудын нэг болох “Терроризмын үйлдлээс үүдэлтэй хохирлыг нөхөн төлөхгүй” заалт нь 2001 оны 9 сарын 11-ний өдөр Дэлхийн Худалдааны Төвийг алан хядагчид нураасны үр дагавар юм. Ийнхүү асар том хэмжээний хохирол гарсны дараа Лондонгийн даатгалын зах зээл уг үйл явдалд яаралтай хариу үйлдэл үзүүлэн Их Британид хийгдэх бүхий л амьдралын бус даатгалын гэрээнээс терроризмын эрсдэлийг сууриар нь хасч уг хамгаалалтыг зөвхөн сонирхсон этгээдүүдэд хяналттай, тооцоололтойгоор олгох шийдвэр гаргасан байдаг.

Үүнтэй төстэй буюу томоохон хохирлууд гарсны дараа даатгалын салбар нөхөн төлбөрийг хязгаарлах зорилгоор даатгалын гэрээнд нэвтрүүлсэн хасалтууд олон байдаг бөгөөд эдгээрээс жишээлбэл:

• Avian flu exclusion (2003 оны SARS өвчний дэгдэлтийн улмаас гаргасан хасалт)
• Date recognition exclusion clause (1999-2000 онд шилжих үед компьютерийн системүүдийн огноо таних алдаа илэрсний улмаас гаргасан хасалт)

Ийнхүү нийгэм, эдийн засагт томоохон хохирол эсвэл дуулиан авчирсан эрсдэлүүдийг удирдах зорилгоор хариу арга хэмжээ авдаг нь цаад утгаараа системийн тэнцвэрийг хадгалах үндсэн зорилготой байдаг ба авч буй арга хэмжээнүүдийг "Дэвшил авчрах" эсвэл "Хамгаалах" гэсэн үндсэн 2 төрөлд авч үзэж болно. Эрсдэлийг дэвшил, инновацийн тусламжтайгаар удирдахад иргэд ба аж ахуйн нэгжүүдэд тааламжтай төрлийн шилжилтийг (санхүүжилтийн шинэ арга хэлбэрийг эрэлхийлэх, технологи ашиглан бүртгэл, тооцооллыг боломжтой болгох зэрэг) хийдэг бол хамгаалах буюу хориглох замаар тааламжгүй шилжилтийг хийдэг болохыг (иргэд, аж ахуйн нэгжүүдэд тодорхой төрлийн даатгалын хамгаалалт олдохгүй болох) дээрх 3 жишээ харуулна. Инновацийн тусламжтай эрсдэлийг удирдсан жишээ нь ILS буюу Insurance Linked Securities-ийн тусламжтайгаар даатгалын салбар эрсдэлээ хөрөнгийн салбар руу шилжүүлэн тархаах арга хэмжээ авсан түүх бий.

Эрсдэлийн удирдлагын бодлогын талаас аливаа салбар дахь эрсдэлийг танин мэдсэн хэдий ч цар хүрээ, нөлөөллийг дутуу тооцох нь тухайн салбарыг (цаашлаад холбоо хамаарал бүхий бусад салбаруудыг) тэнцвэргүй хэмжээнд аваачих, хөгжил дэвшлийн асуудлуудыг олон жилээр ухрах эрсдэлийг бий болгоно.

Энэ удаагийн COVID19 цар тахлын эрсдэл дараах онцлогтой байна.

• Нэн даруй нөлөө үзүүлэх (Ялангуяа манай улсад богино хугацааны урьдчилсан мэдэгдэл бүхий давтамж тодорхойгүй хөл хорионы арга хэмжээ хэрэгжүүлэх)
• Шууд нөлөө үзүүлэх (Хувь хүмүүс, бизнесүүдийн орлого хаагдах, буурах)
• Хавтгай нөлөө үзүүлэх (Нийгэм, эдийн засгийн бүхий л салбар өртөх)
• Дэлхий дахинаар нөлөө үзүүлэх (Дэлхийн нэг улс халдвартай байхад дэлхий дахинд аюул үргэлжлэн оршсоор байх)

Хатуу боловч COVID19 цар тахлын эрсдэл нь дэлхийн улс орнуудын бүхий л салбарт "шалгалт" хийж байгаа бөгөөд даатгалын салбарын хувьд андеррайтинг ба үйл ажиллагаа талаас эрсдэл учруулж байна. Андеррайтингийн хувьд уг эрсдэлд голчлон өртөж анхаарал татаж буй даатгалын бүтээгдэхүүнүүдэд:

• Бизнесийн тасалдал
Бизнесийн тасалдлын даатгал нь ердийн хэлбэртээ зөвхөн даатгагдсан эд хөрөнгөд хохирол учирсны улмаас бизнес тасалдах үед нөхөн төлбөр нэхэмжлэх боломж үүсдэг даатгал юм. Харин олон улсад энэ даатгалыг материаллаг хохирлоос гадна халдварт өвчин зэрэг материаллаг хохиролтой холбоогүй шалтгаанаар хамгаалалт өгдөг болгож өргөтгөсөн компаниуд байдаг ба эдгээр компаниуд COVID19-ийн үед бизнес тасалдлын даатгалаар их хэмжээний нэхэмжлэл хүлээн авах болж байна. Их Британийн дээд шүүх дээр ойролцоогоор бизнес тасалдлын 700 гэрээг хянаснаас 21 төрлийн бизнес тасалдлын хамгаалалтын 12 төрөл нь COVID19 цар тахалд нөхөн төлбөр олгох бололцоо бүхий, 9 төрөл нь нөхөн төлбөр олгох боломжгүй төрлийн гэрээнүүд байгаа гэж дүгнэжээ.

• Үйл ажиллагаа цуцлагдах эрсдэлийн даатгал
Токиогийн Олимп нь 2020 онд зохион байгуулагдах дэлхий дахины томоохон үйл ажиллагаа байсан бөгөөд цар тахлын улмаас хойшлогдсон учир эрсдэлийг даатгасан даатгалын компаниудад 3 орчим тэрбум ам.долларын нэхэмжлэл барагдуулах үүрэг бүрдсэн байна. Зөвхөн Swiss Re давхар даатгалын компани Олимпийн үйл ажиллагаа хойшлогдож байгаатай холбогдуулан 250 сая ам.долларын хохирол хүлээж байгаа бол COVID19 цар тахалтай холбоотойгоор 4.9тэрбум ам.долларын хохирол амсч буй Munich Re давхар даатгалын компани үйл ажиллагаа цуцлагдах эрсдэлийн даатгалыг хийхээ түр зогсоож байгаа шийдвэр гаргажээ.

• Төлбөр тасалдлын даатгал
Зээлээр борлуулсан бүтээгдэхүүний төлбөрийн тасалдлыг хамгаалдаг энэ төрлийн даатгал нь цар тахлын үед бизнесүүдийн үйл ажиллагаа зогсож орлого тасалдсан, ажилгүйдэл ихсэж байгаа үед нэхэмжлэлийг их хэмжээгээр хүлээн авах магадлалтай бүтээгдэхүүнд тооцогдож байна.

• Ажил олгогчийн хариуцлага
Ажлын орчинд эрүүл ахуйн зохистой нөхцөлийг бүрдүүлж чадаагүй тохиолдлууд (ажлын байранд халдвар авах), ажилтнууд гэрээс ажиллахтай холбоотойгоор ажил хийх үед ахуйн осолд өртөх, тоног төхөөрөмжтэй буруу харьцсанаас гэмтэж бэртэх зэрэг нь энэ төрлийн даатгалаар нэхэмжлэл гаргах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Гэхдээ олон улсад авч хэрэгжүүлж буй хөл хорионы улмаас ажлын байрандаа ажиллах ажилтнуудын тоо багасах нь эрсдэлтэй ажлын байрнаас гарах нэхэмжлэлийн хэмжээг бууруулах нэгэн хүчин зүйл болж байна.

• Удирдах ажилтны хариуцлага
Цар тахлын үед дэлхий даяар удирдах ажилтнууд өмнө нь тулгарч байгаагүй хүндрэлтэй нөхцөл байдалд, төрөл бүрийн асуудлуудаар хурдтай шийдвэр гаргаж ажиллах шаардлагатай тулгарч байна. Компанийн хувьцаа эзэмшигчдээс гаргах нэхэмжлэлүүд, ажилтнуудын эрүүл аюулгүй байдлыг бодолцоогүй шийдвэрүүд, COVID19-тэй холбоотойгоор компанид үүссэн асуудлуудад буруу удирдлагаар хангах зэрэг нь нэхэмжлэлд өртөх гол эх үүсвэрүүд болж байна.

• Эрүүл мэндийн даатгал
Эрүүл мэндийн даатгал нь COVID19-д хамгийн ихээр өртөж байгаа даатгал бөгөөд эрүүл мэндийн даатгалын системийн ялгаа, үйлчилгээний үнэ өртгөөс шалтгаалан дэлхийн улс орнуудад ялгаатай байна. Жишээлбэл эрүүл мэндийн үйлчилгээний өртөг хамгийн өндөр байдаг АНУ-д нэг өвчтөнийг эмчлэх өртөг наснаас хамааран 78,000 ам.доллар, 20-оос доош насны даатгалгүй иргэнийг эмчлэх өртөг 68,000 ам.доллар байна. АНУ бол хувийн эрүүл мэндийн даатгалын систем өндөр хөгжсөн улс юм. Монгол улсын хувьд нэг хүнийг эмчлэх дээд зардал 8.9 сая төгрөг байгаа бөгөөд уг эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байна. Монгол улсад хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ хараахан өндөр түвшинд нэвтрээгүй байгаа бөгөөд 2 хүн тутмын 1 нь халдвар авсан тохиолдолд 5 тэрбум ам.долларын эмчилгээний зардлыг төлөх нэхэмжлэл үүсэх юм. Олон улсад энэ төрлийн бүтээгдэхүүний актуар тооцоолол талаас COVID19 вирусын хүний биед үзүүлэх урт хугацааны нөлөө тодорхойгүй, вирусын шинэ давлагаа үүсэх эрсдэл бий эсэх, шинэ эмчилгээнээс үүдэн зардлын өөрчлөлт гарах эсэх зэрэг тодорхойгүй хүчин зүйлс цөөнгүй байгаа нь энэ төрлийн даатгалын үнэ тогтоолтыг бэрхшээлтэй болгож байна.

Эцэст нь дүгнэн өгүүлэхэд, дэлхий даяар нэгэн зэрэг нүүр тулж буй, засгийн газар болон бизнесүүдээс хурдтай хариу үйлдэл шаардаж буй цар тахлын эрсдэл нь бидний харж чадахгүй байсан олон дутагдлуудыг ил тодоор харуулж байна. Бид энэхүү асуудлыг юуны түрүүнд хөгжил дэвшлийн хурдасгуур болгон ашиглах нь ухаалаг стратеги байх ба, зайлшгүй тохиолдолд системийн тэнцвэрийг хадгалах зорилгоор хамгаалах ямар арга хэмжээ авах шаардлагатай болохыг шийдэх шаардлага тулгарч байна.