Бүх нийтлэл: Энд дарна уу
Та энд байна: Нүүр хуудас \ Нийтлэл
29 Nov 2021 - 11:30, Улаанбаатар

Даатгагчийн шууд борлуулалт давамгайлсан, удаан хугацаанд зөөлөрсөн, мөн томоохон эрсдэлүүдийн удирдлагын хувьд олон улсын давхар даатгалын зах зээлээс хамааралтай байдаг Монгол улсын даатгалын зах зээл хамтран ажиллах шинэ бүтэц рүү шилжин орлоо. Шинэ дижитал платформыг ашиглалтад оруулснаар даатгагчид эрсдэлээ хуваалцах (хамтарсан даатгал хийх), эрсдэлээ солилцох болон олон улсын даатгагчид руу эрсдэлээ шилжүүлэх технологид суурилсан боломжийг олгох юм.

Монгол улсын даатгалын зах зээл нь 1990 оноос хойш арилжааны журмаар хөгжиж буй харьцангуй залуу зах зээл бөгөөд 15 ердийн даатгагч, 1 урт хугацааны даатгагч, 1 давхар даатгагч болон олон тооны мэргэжлийн оролцогчидтой.

Бусад хөгжиж буй орнуудын адилаар Монгол улсын даатгалын зах зээл нь олон улсын давхар даатгалын зах зээл рүү хандаж эрсдэлээ давхар даатгуулдаг бөгөөд сүүлийн жилүүдэд дэлхий даяар гарч байгаа хохирлын өндөр давтамжийн нөлөөллийг бууруулах болон олон жил зөөлөрсөн зах зээлийг сэргээх зорилгоор үнийн өсөлт өндөр байгаа олон улсын зах зээл рүү дотоодын компаниуд эрсдэлээ шилжүүлэхэд бэрхшээлтэй болж байгаа юм. Нөгөө талаас, дотоодын зах зээл дэх том хэмжээтэй хохирлын түүхэн давтамж бага байгаагийн улмаас дотоодын зах зээл 10 гаруй жил зөөлөрч байна.

Манай улсын зах зээлийн өөр нэгэн онцлог бол хамтарсан даатгалыг хийх практик өргөн дэлгэрээгүй тул зах зээлийн капиталыг бүрэн ашиглахаас илүүтэйгээр олон улсын зах зээлээс авах хамгаалалт илүү өндөр байсан.

Дотоодын болон олон улсын зах зээлийн циклийн энэхүү ялгаатай үе шатууд болон сүүлийн үеийн Covid-19 цар тахлын өргөн тархсан хүчтэй нөлөөлөл нь зах зээлийн оролцогчдыг нийтлэг асуудлаа үр дүнтэй шийдвэрлэх, хамтран ажиллах эрмэлзлийг нэмэгдүүлснээр Portal платформ ашиглалтад орж өдгөө 13 даатгалын компани үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Энэхүү платформ нь даатгагчдын дунд эрсдэлээ хуваалцах (хамтарсан даатгал), эрсдэлээ солилцох болон томоохон хэмжээтэй эрсдэлүүдийг олон улсын зах зээл рүү шилжүүлэх гарцыг бүтээлчээр нээж өгч байгаа билээ.
Portal платформ даатгагчид эрсдэлийг удирдах илүү өргөн замыг нээгээд зогсохгүй Монгол улсын даатгалын зах зээл уян хатан, бие даасан байдлаар хохиролд тэсвэртэй хөгжих боломжийг нээж байгаа юм. Цаашлаад уг платформ нь багцын удирдлага, болон зах зээл даяар хамтран ажиллах төрөл бүрийн боломжуудыг нээх юм.

Даатгалын зах зээлийн оролцогчдыг холбох, технологи суурьтай санхүүгийн дэд бүтцийг татах асуудал нь цар тахлын хүнд цохилтыг авсны дараа сэргэж буй манай эдийн засагт урьд өмнөхөөс илүү ач холбогдолтой юм. Олон удаагийн хатуу хөл хорио нь бизнесүүдийг үйл ажиллагаандаа томоохон өөрчлөлт хийхийг шаардсан бөгөөд голлох гарц нь бизнесийн процессийг аль болох ихээр автоматжуулах байсан билээ.

Цаг хугацааны хувьд мөн сонирхолтой үе тохиож буй бөгөөд санхүүгийн үйлчилгээний салбарт технологи суурьтай шийдлүүд олноор гарч ирж байна. Жишээлбэл криптовалют, зээлийн аппликэйшнүүд, хиймэл оюун ашигласан санхүүгийн үйлчилгээний шийдлүүд зэрэг нь цааш гарч ирэх олон үйлчилгээ нийтэд амжилттай гарах суурийг бүрдүүлж байгаа билээ.

Энэхүү B2B шийдэл нь дотоодын даатгагчдыг илүү өндөр түвшинд хамтран ажиллах, санхүүгийн хүчин чадлаа бүрэн ашиглах болон өндөр үнэлгээтэй эрсдэлүүдийг платформоор дамжуулан олон улсын зах зээл рүү үр дүнтэй шилжүүлэх боломжийг шинээр олгож байна.